40616798_231147030872722_6477482320763813888_n
Менежмент

Мандал Даатгалын IPO

Уран зураач хүн зургаа үзэсгэлэнд тавьж, олон хүний мэлмийд хүргээд сая сэтгэл ханадаг. Үүнтэй адил эцэг эхчүүд хүүхэд нь хүмүүст хэрэгтэй хүн болон өсч торниход харж бахархадаг.

Харин CEO, хөрөнгө оруулагч хүн компани нь өсч өндийж, улс оронд хэрэгтэй, сектортоо нөлөөтэй байгууллага болоход нь сая сэтгэл амарч, өөрийнхөө хөдөлмөрийг дүгнэдэг.

Бид Мандал даатгалыг анх байгуулж байсан цаг саяхан мэт санагдаж байна. Анх 2011 онд даатгалын салбарын 16 дахь отгон компани болж байгуулагдсан компани маань өнөөдөр энэ салбарын топ компани болон өсч өндийжээ. Мандал даатгалын залуучуудын нэгдмэл байдал, ёс зүйг эрхэмлэж, мэргэжлийн өндөр чиг баримжаатай ажиллаж ирсний хүчинд энэ үр дүнд хүрлээ.

Миний хувьд уран зураач хүнтэй адилаар, босгосон компаниа харж бахархах сэтгэл төрж байна.

Мандал даатгал маань 2017 оны эцсээр 22 тэрбум төгрөгийн борлуулалттай, 2018 оны эхний хагасаар 2.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, нийт 42,000 харилцагчтай болж томорчээ. Хамгийн чухал нь Мандал маань даатгалын салбарын жишиг компани, стандарт тогтоогч болж өргөжсөн байна.

Сүүлийн үед хөрөнгийн зах дээр 2 төрлийн компани хувьцаагаа гаргаж байна. Эхнийх нь туршигдаагүй санаа төдий (start-up), бүтэлгүйтэх магадлал ихтэй, менежмент-хүний нөөц-брэнд нь тогтоогүй компаниуд байдаг. Харин удаах нь Мандал даатгал шиг эхэн үеэ амжилттай давж зах зээл дээр өөрийн байр суурийг баттай эзлэж, ашиг орлого нь тогтворжсон компаниуд байдаг.

Миний бие хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө өөрийн сэтгэл, хөдөлмөрийг зарцуулж ирсэн билээ. Тийм ч учраас эрсдэл ихтэй, туршилт төдий компаниуд хувьцаагаа гаргахад төдийлэн тааламжтай ханддаггүй. Дутуу, дулимаг компаниуд хувьцаагаа гаргаж, тэдгээрийн хоосон маркетингт хүмүүс итгэн хөрөнгөө оруулж алдах вий гэдгээс болгоомжилдог.

Түүний оронд эхэн үеийн эрсдлийг нь анхны хөрөнгө оруулагч нар өөрсдийн хөрөнгө мөнгөөр дааж, тогтвортой үед нь оруулсан компаниуд илүүтэй хувьцаагаа гаргах нь зүйтэй гэж боддог.

Мандал даатгалыг бид анх байгуулж, өөрсдийн хөрөнгөөр эрсдэлтэй үеийг нь давж, менежментийн системийг нь төлөвшүүлэхээр чармайн ажилласнаар уран зургаар бол Мандал маань санаа төдий биш, харин айл гэрийн хойморт залрах бүрэн төгс бүтээл болж гүйцжээ.

Мандал даатгалыг анхнаасаа хүн ардын сайн сайхны төлөө гэж зорьж, сэтгэж, билэгдэж байгуулсан билээ. Тэгвэл Мандал одооноос эхлээд зөвхөн хүмүүсийн эрсдлийг даатгаж, зовлон тохиолдсон үед нь гунигийг нь нимгэлж, нийгмийн эрсдлийг бууруулах буянтай бизнес хийгээд зогсохгүй түүний амжилтийг хөрөнгийн зах дээр олон тооны хөрөнгө оруулагч нар надтай хамтран хуваалцаж, бахархаж яваасай гэж хүслээ.

Мандал өнөөдөр эрийн цээнд хүрчээ. Хүн ардынхаа төлөө тал бүрт баяр түгээж явах болтугай. Өнөөдрөөс эхлээд Мандал миний биш харин ард түмний өмч боллоо. Нийгэмдээ хэрэгтэй, хүмүүст өгөөжтэй, зуун зууныг элэх агуу компани болох болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг тавия.

Мандал даатгалын хувьцаа эзэмшигч болоход танд ердөө 48 цаг үлдсэн байна. Хувьцааны захиалга 2018 оны 09 сарын 18-ны 15:00 цагт хаагдана.

CTA2222

Жич: Ө.Ганзориг нь Мандал даатгалын хувьцаа эзэмшигч болно. Хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах нь ямагт эрсдлийг өөртөө агуулж байдаг. Хувьцаа болон санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар өндөр өгөөж, ашиг олно гэсэн баталгаа байхгүй. Иймд хөрөнгө оруулагч нь тухайн хувьцаа, санхүүгийн хэрэгслийн талаар сайтар судлагаа, санхүүгийн шинжилгээ хийж, ирээдүйд хүлээгдэж байгаа өгөөж, эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нь шийдвэрээ өөрөө бие даан гаргах ёстой бөгөөд бусдын зөвлөгөөнд сохороор найдаж, дагаж хэрхэвч болохгүй.