img_8836
Бизнес, Хүний нөөц

БИЗНЕСИЙН ХАМТРАГЧААРАА ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?

Бизнесмэнүүд хамаатан садан, найз нөхөдтэйгээ нийлж бизнес хийх хэрэггүй шүү гэж захихыг бид олонтаа сонсдог. Тэгвэл хэнтэй хамтарч бизнес хийх вэ? Хамтарсан олон бизнес гомдол, бүтэлгүйтлээр дуусдаг нь нууц биш юм. Нэг тал нь өдөр шөнөгүй зүтгүүлчихээд амласнаа өгсөнгүй, бултчихлаа гэж гоморхдог. Нөгөө тал нь юу ч хийгээгүй, зүгээр орон тоо бөглөснийхөө хариуд хувьцаа, мөнгө нэхлээ гэж бухимддаг. Яг аль нь бодитой вэ?

Энэ хоёр дүрийн аль алинд нь тоглож үзсэн хүний хувьд хэлэхэд, бид хэн нэгэнд нь шууд итгэж огт болохгүй. Бизнес эрхлэх үед өөрийн үүргээ биелүүлээгүй хирнээ нөгөө талаа адгийн луйварчин мэтээр гүтгэж суудаг хүмүүс олон.

Тэгэхээр таны өмнө нэг бол маш шудрага, ажилсаг нэгэн, үгүй бол байдаг л нэг адгийн худалч бэртэгчин сууж байна гэсэн үг. Энэ хоёрын дундуур гэсэн ойлголт байхгүй. Миний хувьд янз бүрийн бизнест төрөл бүрийн хүмүүстэй хамтарч, заримд нь ажиллаж, заримыг нь ажиллуулж, заримтай нь хувь нийлүүлж үзлээ. Дээр ярьсан шиг үл ойлголцол, гоморхол, бухимдал, бие биенээ муулахыг олон харлаа.

 

Хамаатан болон найз нөхдүүдтэйгээ хамтрахад ямар асуудал гардаг вэ?

Бид хүмүүстэй хувь хүний сонирхол, үзэл бодлын нийцэл, бага насны дурсамж, хобби зэргээрээ нөхөрлөдөг. Харамсалтай нь энэ нь бизнест огтхон ч хамаагүй. Сайн найз гэдэг нь бизнесийн сайн хамтрагч гэсэн үг огтоос биш юм.  Бизнес аль болох эмоци багатай байхыг шаарддаг. Гэтэл найзалж нөхөрлөнө гэдэг тэр чигээрээ эмоцилог харилцаан дээр тогтдог.

Гэтэл анхнаасаа эмоцид суурилсан харилцаа, эмоцигүй байхыг шаарддаг бизнесийн орчинд ороод ирэхээр хүндрэл дагуулж эхэлдэг. Ингээд үл ойлголцох байдал үүснэ. Хамаатнууд ч мөн адил. Бие биедээ албатай юм шиг л хандана.

“Ах, дүү юм байж яасан сүртэй юм” гэх мэтээр тунирхаж, эрхэлж эхэлдэг. Ингээд л асуудал үүсэх нь ойлгомжтой.  Тэгэхээр хамаатан садан, найз нөхөдтэйгээ нийлж бизнес хийх гэж байгаа бол анхнаасаа л эмоцилог харилцаагаа хаалганы гадна орхиж, төмөр мэт хахир хатуу бизнесийн харилцаанд орж буйгаа бүгд хүлээн зөвшөөрөх ёстой.

 

Эрсдэлийг хүлээн зөвшөөрөх

Тантай хамтрах гэж буй хүн тухайн бизнест учирч болох эрсдэлүүдийг урьдчилан харж, тооцоолж чадаж байна уу гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Бид зарим хамтрагчаа “уснаас хуурай гарах гээд байдаг өөдгүй хүн” гэж ярих нь бий. Мэдээж хамтарч бизнес хидэг атлаа том эрсдэл тулгармагц хэн нэгэн нь сугарч гарах гээд байвал бусдад нь ямар санагдах билээ.

Эрсдэлгүй, зовлонгүй, алдагдалгүй бизнес гэж хэзээ ч байдаггүй. Тэр бүгдийг урьдчилан харж чадахгүй хүн байнга цочирдож, шоконд орж, бусдаас бурууг хайх гээд байдаг юм.

Тэгэхээр та хамтарч бизнес эрхлэх гэж буй хамтрагчаа тандахдаа:

  • Тухайн бизнесийг хийх явцад тохиолдох янз бүрийн эрсдэлийг урьдчилан харж, хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байна уу. (Ийм бэлтгэлтэй хүн дараа нь новшрохгүй)
  • Хамтрагчтайгаа харилцахдаа эмоцио урдаа тавьж байна уу? Эсвэл бизнесийн нийтлэг стандартыг дагаж, эмоцио дарж, асуудалд прагматик хандаж чаддаг хүн үү?

Дээрх хоёр шалгуурыг хангаж чадаж байгаа бол энэ хүн таны хамаатан ч бай, найз ч бай 95 хувийн магадлалтайгаар таны сайн хамтрагч болж чадна. Амжилт хүсье.