img_5559
Хүний нөөц

АЖИЛД АВАХ ЯРИЛЦЛАГЫН ШПАРГАЛКА

Захирлууд байнга л өндөр бүтээмжтэй ажилтан хайдаг. Харамсалтай нь бодит амьдрал дээр тухайн хүн өндөр бүтээмжтэй эсэхийг нь анкет, диплом хэзээ ч нотолж чаддаггүй. Сайн сургууль төгссөн, онц сурсан, олон хэлтэй байж болох ч энэ нь бүтээмжийн индикатор биш юм.

Ийм ч учраас бид хүмүүсийг ажилд авах ярилцлаганд дууддаг.

Үнэн хэрэгтээ бүтээмж гэдэг нь хүний сэтгэл зүйгээс шууд хамааралтай болох нь судалгаагаар нэгэнт батлагдсан зүйл. Тийм ч учраас ажилд авах ярилцлага нь тухайн хүний сэтгэл зүйн хандлагыг таньж мэдэхэд чиглэдэг.

Энэ удаад би тантай ярилцлага хийхдээ заавал анхаарах сэтгэл зүйн 3 хандлага болон бусад аргуудыг хуваалцъя.

  1. Өөрийгөө хэр нээснийг нь харах.

Харвардад элсэх шалгалтын нэг гол сорил нь эссэ бичих байдаг. Эссэний олон сэдэв байдаг ч “Таны амьдралдаа гаргасан 3 том амжилт юу вэ?” гэсэн асуултыг би тогтмол ашигладаг. Хэрэв тухайн хүн сургууль төгссөн, гэр бүлтэй болсон, хүүхэдтэй болсон нь миний амжилт гээд эхлэх юм бол анхааралдаа авах хэрэгтэй. Хүн бүр л сургууль төгсч, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болдог. Гэтэл танд танай компанийг дараагийн шатанд гаргах, амбицтай, зорилготой, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ажилтан хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрийн зорилго, онцлогийг нээж чадсан эсэхийг нь энэ асуултаар хялбархан мэдэж болдог. Өөрийгөө нээж чадсан хүн амжилтыг маш өөрөөр тодорхойлдог. Та туршаад үзээрэй.

  1. Ажил, гэр бүлийн балансыг тэнцвэртэй барьж чадах эсэхийг нь харах.

Зарим хүмүүс ажил, гэр бүлийн аль нэгийг нь сонгох ёстой гэсэн хандлагатай байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь нэг зоосны хоёр тал юм. Учир нь ажил, гэр бүл хоёулаа л хүний амьдралын салшгүй хэсэг шүү дээ. Энэ хоёрыг хооронд нь өрсөлдүүлж, сөргөлдүүлж авч үзэж байгаа хүнээс хэзээ ч бүтээмж гарахгүй.

Миний хувьд “Ажлын шаардлагаар заримдаа орой үдэш, хагас бүтэн сайнд ажиллах хэрэг гарвал яах вэ?” гэж асуудаг. Мөн лавшруулж “Ажил, гэр бүлийн алийг нь сонгох вэ?” гэж асууж болно. Асуултынхаа өнгийг их зөв сонгоорой. Бид түүнийг ажил болон гэр бүлийг хооронд нь сөргөлдүүлж, аль нэгийг нь сонгох гээд байгаа хандлагатай хүн эсэхийг л харах гэж байгаа юм.

Олон хүмүүс “манай гэр бүл ийм, тийм асуудалтай учраас ажлын бус цагаар, илүү цагаар ажиллаж чадахгүй” гэж хариулдаг. Үүнийг анхааралдаа авах ёстой. Учир нь, нэгдүгээрт ажил бол тухайн хүний өөрийнх нь сонголт, сонирхол, хобби, дур хүсэл, мөрөөдөл, зорилго, эрмэлзэл байх ёстой болохоос биш оноож өгсөн ял биш. Хоёрдугаарт хүн бүр гэр бүлтэй, хойноо ямар нэг асуудалтай л байдаг. Тэр асуудлаа ажилтайгаа хольж хутгаж байгаа бол сайн хэрэг биш юм.

Жишээ нь марк цуглуулдаг хоббитой хүүхэд хэнээр ч хэлүүлэхгүйгээр өөрөө зохицуулаад л, орой ажилтай бол өглөө нь,  өглөө ажилтай бол шөнө нь сууж байгаад л маркаа судлачихдаг. Тухайн хүний хувьд ажил нь яг үүнтэй л адил байх учиртай. Хэн ч хэнийг ч хэзээ ч хүчээр ажил хийлгэж чадахгүй шүү дээ.

  1. Өгөгч эсвэл Авагч дүрийг тодорхойлох.

Бүтээмжид нөлөөлдөг сэтгэл зүйн бас нэг том хүчин зүйл бол тухайн хүний Өгөгч эсвэл Авагч дүр юм. Зарим хүн сэтгэл зүйн хувьд Өгөгч буюу бусдад өгөх хандлагатай байдаг. Харин зарим нь хүүхэд насныхаа Авагч дүрээсээ салаагүй байдаг.

Бид хүүхэд байхдаа эцэг эхээсээ хайр энэрэл, хоол унд, хувцас хунар, мөнгө төгрөг авсаар өсч том болдог. Бид багш нараасаа боловсрол авдаг. Гэхдээ насанд хүрээд бид эргүүлээд өгч эхлэх ёстой нь хэнд ч ойлгомжтой.

Авагч дүртэй хүн компанид ороод ирвэл сүйрлээ л гэсэн үг. Ийм хүнээс бүтээмж гарахгүй. Учир нь “бүтээмж” гэдэг үгний үндэс нь “бүтээх”-ийн тухайд шүү дээ. Бүтээх гэдэг бол бусдад зориулж юм хийхийг хэлнэ. Авагч дүртэй хүний сэтгэл зүйд бусдад зориулна, бүтээнэ гэсэн ойлголт байхгүй.

Миний хувьд өмнөх ажил, амьдралынх нь туршлага, үйл явдлуудыг нь яриулах явцдаа тодотгож асуулт тавих замаар тухайн хүнийг Авагч эсвэл Өгөгч болохыг нь тодорхойлох гэж оролддог. Энэ нь өмнөх хоёр аргыг бодвол тийм ч амар биш. Нилээд их туршилт хийж, өөртөө тохирсон аргыг та боловсруулах хэрэгтэй болдог юм.

Мөн та дээрх 3 хандлагыг тодорхойлж, ярилцахдаа БАГИЙН ГИШҮҮН МӨН ЭСЭХ, ЛИДЕР ЧАНАР, ХҮЛЭЭЛТ, СОНСОХ ЧАДВАР… гэх мэт сэтгэл зүйн бусад хандлагуудыг нь давхар шалгах хэрэгтэй.

 

 

SocialPay GIF