img_5387
Стратеги, Эдийн засаг ба Санхүү

ФИНТЕК

Тэрбум гаруй хүн амтай хятадууд Wechat-аа ашиглаад хоорондоо мөнгө шилжүүлж, хүлээн авдаг болоод 10 гаруй жил өнгөрч. Харин Англичууд Zopa-гаараа зээл өгч авч, хөрөнгө оруулалт хийж байна. Америкчууд Square Cash-ынхаа тусламжтайгаар ойролцоо байгаа хүмүүс рүү эсвэл и-мэйл хаягаар гүйлгээ хийж байна. Энэ нь улам төгөлдөржиж виртуал карттай болсноор ApplePay-гээр төлбөр тооцоогоо хийдэг болж.

Мөн Америкт Facebook-ын найзууд хоорондоо мөнгө шилжүүлж, кофены мөнгөө над руу “Венмодчихоорой” гэж ярилцах нь хэвийн үзэгдэл болж. Нэг ёсондоо тэд ухаалаг утасныхаа аппликейшны ганц товчийг дараад л цаг хугацааг товчилж, банк санхүүгийн үйлчилгээг хэдхэн секундэд авчихаж байгаа хэрэг л дээ.

Харин бид ийм хялбархан шийдчих гарц байхад, улиг болсон банкны үйлчилгээгээ авсаар байх уу?  Бид тийм их их завтай хүмүүс үү?

Дэлхийн хүмүүст энэ боломжийг юу олгов? Энэ бол ФИНТЕК. Тэгвэл ид шид нь юу вэ?

Товчхондоо Финтек нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн огтлолцол юм. Хамгийн энгийнээр тайлбарлавал гарааны бизнес эрхлэгч технологийн дэвшил, инновацийн хялбар шийдэл ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад хүргэж байна гэсэн үг. Нэг ёсондоо технологийн компаниуд төлбөр тооцооны болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгааг Финтек хэмээн нэрлэж болно.

Дэлхий дээр хэдэн арван мянган финтек компани байна. Зарим нь онцгой амжилт үзүүлж, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, зээл, хөрөнгө оруулалт, микро финанс санхүүжилт, даатгал зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ дундаас хамгийн амжилттай яваа нь Lending club, Square, Transferwise, Wechat юм.

Тэгвэл Монголд финтек байдаг эсэхэд хариулахаас өмнө, финтекийн түүхийг хальт сөхье.

Финтек нь 2007 онд үүсэхдээ л хөрөнгө оруулагчдын анхаарлыг татжээ. Улмаар 2015 онд финтект оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн оргил үе нь байв.

Тухайн үед финтекүүд л банк санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг болно. Дэлхий дээр банк, даатгалын байгууллага гэж байхгүй болно гэсэн таамаглал хүчтэй байсантай энэ нь холбоотой.

Гэвч хөгжлийн явцад финтекүүд нь банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй нь нотлогдсон юм. Финтек нь банкуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хялбаршуулах, дижиталчлах боломжийг олгож байгаа юм.

Тэгвэл Монголд ч бас финтек бий.  MostMoney,  Candy, GG,  LendMN гэвэл та дуулсан л байх. Энэ дундаас Голомт банк, Хязгааргүй шийдэл финтек компанитай хамтран хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлээд байгаа SocialPay аппликейшныг онцолмоор байна.

Энэ аппликейшны тусламжтайгаар банкны харилцагчид мөнгө илгээж, хүлээн авч, нэхэмжлэх үйлчилгээг хэдхэн секундын дотор авах боломжтой.

Өмнө нь мөнгө шилжүүлэхдээ хүний нэр, дансны дугаар, утга гэх мэт олон зүйлийг бөглөдөг байсан бол одоо тухайн хүнийхээ утасны дугаар, и-мэйл хаяг, сошиал ID хаягийн аль нэгийг мэдэж байхад л гүйлгээ хийгдэнэ гэсэн үг.

Мөн заавал банкинд очилгүйгээр банкны харилцагч болж данс нээх ч боломжтой.   Үүнийг л финтек гээд байгаа юм шүү дээ.

 

SocialPay GIF