Prescription medicine pill bottle and syringe on cardiogram printout
Менежмент, Хүний нөөц

Sugar Coating

Барууны улс орнуудад бизнес, менежментийн харилцаа нийгмийн соёлд нь гүн суусан байдаг. Өөрөөр хэлбэл тэд хүүхэд байхаасаа л энэ харилцаанд суралцдаг. Харин бид огт өөр. Бид дөнгөж одоо л бизнес, менежментэд суралцаж байна. Гэтэл барууны менежментийн онолын номуудад эдгээр соёлын элементүүдийн талаар огт дурддаггүй. Тийм ч учраас миний бие энэхүү блогийг хөтөлж, монголын байгууллагуудад нэн хэрэгтэй туршлагуудыг тоймлон хүргэж байгаа билээ.

Энэ удаад би монголд түгээмэл байгаа Sugar Coating хэмээх айхтар хор хөнөөлтэй үзэгдлийн тухай бичих гэсэн юм. Бид гашуун амттай эмийг чихэрлэг бодисоор бүрж (sugar coating) хэрэглэдэг. Үүнтэй адилаар бусдад муу мэдээг дуулгахдаа чихрээр бүрж хүргэх зөн совинтой байх нь зүйн хэрэг юм. Гэвч менежмент бол үүнээс огт өөр ойлголт. Ингэж хэзээ ч болохгүй. Гэтэл монголын ихэнх компанид ажилтнууд нь менежерүүддээ, менежерүүд нь захирлууддаа sugar coating хийх нь хэвийн үзэгдэл болсон байна. Өөрөөр хэлбэл гал гарч эхлэхэд менежер хяналтаа хэдийн алдсан ч бүрэн хянаж байгаа мэтээр захирлууддаа ойлгуулахыг sugar coating гэж хэлж болно. Баруунд, нэн ялангуяа бизнесийн харилцаанд болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг яг байгаагаар нь дээд удирдлагадаа танилцуулах нь хэвийн соёл болж тогтсон байдаг. Харин манай улсын боловсролын системд энэ талаар огт заадаггүй, соёл болж хэвшээгүйгээс sugar coating хийх нь өдөр тутмын хэвийн үзэгдэл болжээ. Хүмүүс үүнийгээ “завгүй байхад нь санааг нь зовоогоод яах вэ”, “би өөрөө энэ хавиараа аргалчихаж болох байх”, “хэсэг зуур харзная” гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл үнэн хэрэгтээ гал нэгэнт гарсан бол цааш дүрэлздэг. Улам газар авч унтрааж хүчрэхгүйд хүрдэг. Үүнтэй адилаар бизнес болон менежментэд том асуудал тулгарсан л бол эртхэн нөөц бололцоогоо дайчилж, шийдвэрлэх нь хамгийн чухал юм. Түүнээс биш бие биенийгээ sugar coating хийж хуурах нь ямар ч үр ашиггүй. Эцсийн дүндээ нэг байгууллага болж нэгдсэний гол утга учир нь асуудлыг нээлттэй, хамтарч шийдвэрлэхэд оршдог шүү дээ.
Та менежерийн хувьд тухайн бэрхшээлийг огт хойшлуулалгүй өөрийн ажлын хуваарьтаа оруулж, магадгүй бүх ажилтнуудын хурал зарлаж, асуудлыг яг байгаагаар нь бодитой танилцуулснаар “гарц” олж харах болно. Мөн муу мэдээ авчирсан хүнийг муухай харах биш, харин ч шагнаж урамшуулах талаарх ойлголтыг бусдад нь өгч болох юм. Ингэснээр танай байгууллага эрүүлжнэ.
Бизнест тулгарсан аливаа асуудал, сөрөг нөхцөл байдал нь яг л галтай адил цаг хугацаа өнгөрөх тусам улам газар авч, унтраахын аргагүйд хүрдэг. Ийм учраас компаниуд sugar coating соёлоос татгалзах нь амжилтын хамгийн чухал түлхэц юм.

Хуримтлал