This is my first stock photo. I chose this one because it did not require any expensive props. Feel free to use this image, just link to www.SeniorLiving.Org
Стратеги, Эдийн засаг ба Санхүү

ХЭДЖИНГ : ХАНШИЙН ЭРСДЭЛЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ? – ҮРГЭЛЖИЛЭЛ

Өмнөх хэджинг нийтлэлийн үргэлжлэл болгож энэ нийтлэлийг бичиж байна. Өмнөх нийтлэлтэй холбоотой олон асуулт ирсэн тул энд заримд нь хариулах болно.

Санхүүгийн зах дээрх валют, алт, мөнгө, нефть, зэс, нүүрс, хувьцаа, бонд зэрэг бүхий л хэрэгслүүдийн ханш маш их савалгаатай байдаг. Бизнес хийж байгаа хүмүүст АШИГ ба ЭРСДЭЛ гэсэн алтан дүрэм үйлчилдэг. Их ашиг олъё гэвэл их эрсдэл хүлээж таарна. Эрсдэл хүлээхгүй гэвэл ашиг олоход хэцүү болно. Ийм л энгийн.

Тэгэхээр эрсдэлийн менежментийн ухаан нь бүхэлдээ авч байгаа эрсдэлээ бүрэн ойлгож, түүнийг зөв удирдах, эцэст нь ахиухан ашиг олох тухай асуудал юм.

Өнөөдөр доллар төгрөгийн ханш ₮2,500 төгрөгт хүрлээ. Ханш ₮1,600 төгрөг байхад доллараар зээл авсан бизнес эрхлэгчийн бодит хүү нь ханшийн алдагдалтайгаа нийлээд 60 хувь даваад явж байна. Монголбанк, Хөрөнгийн бирж, Монголын банкууд нийлээд доллар төгрөгийн (дилерүүд долларын ханш гэж ярихгүй, харин доллар төгрөгийн ханш гэж ярьдаг. Энэ нь 1 доллар хэдэн төгрөгтэй харьцаж байгааг илэрхийлдэг. Энэ нь зөв хэлц юм.) форвард ба опшин зах зээлийг бий болгох хэрэгтэй нь харагдаж байна. Яагаад одоо болтол бий болдоггүй нь хоёр үндсэн шалтгаантай:

Нэгд, манай зах зээлийн хөрвөх чадвар, эргэлт тун бага учир банкууд харилцагч нараас авсан эрсдэлээ цаашид хааж чадахгүйд хүрдэг. Ингээд харилцагч нартай хэджинг (форвард, опшин) хийх аппетит нь буурдаг.

Хоёрт, өнгөрсөн хугацаанд энэ зах зээлийг бий болгохын тулд Монголбанк болон арилжааны банкууд дорвитой хүчин чармайлт гаргасангүй. Ямартай ч бид 2017 оны 1-р улиралд багтаан Хөрөнгийн биржтэй хамтран оролдлого хийж үзэх гэж байна.

Сайн мэдээ бол бид доллар төгрөгийн ханшаас бусад бүх ханшийн эрсдэлийг хэджинг хийж хааж чадна. Эрдэнэтийн зэс, МИАТ-ийн онгоцны түлш, уул уурхайн компаниудын дизель, алтны компанийн алт, европтой худалдаа хийдэг компанийн евро доллар, японоос машин оруулж ирдэг хүмүүсийн доллар иен гээд бүх эрсдэлийг форвард болон опшин ашиглан хэджинг хийж болж байна. Зөвхөн эрсдэлийг хаагаад зогсохгүй ханшийг ашигтай төвшинд түгжиж ч болох юм.

Өмнөх нийтлэлд нэмж хэлэх нэг зүйл бол опшин хэлцэл хийх үед өөрийгөө ханшийн эрсдэлээс хамгаалж байгаа тал нь тодорхой хэмжээний даатгалын шимтгэл төлдөг. Форвард хэлцлийн хувьд ийм зардал байхгүй.

Мөн энэ сэдэвтэй холбон сонирхуулахад Голомт банк 2015 онд “Гибрид хадгаламж”-ийн бүтээгдэхүүн гаргасан юм. Энэ бүтээгдэхүүн нь дотоодын банкны хадгаламжийг олон улсын санхүүгийн захтай холбосон анхны бүтээгдэхүүн билээ. Жишээ нь харилцагч нефтийн үнэ өснө гэж таамаглан 10 сая төгрөгний, 6 сарын хугацаатай нефтийн гибрид хадгаламж хийсэн гэж үзье. Хэрэв 6 сарын дотор нефтийн үнэ 50 хувиар өсвөл харилцагч хадгаламжиндаа 50 хувийн өгөөж авна. Эсрэгээр нефтийн үнэ 50 хувиар унавал харилцагчийн хадгалуулсан үндсэн мөнгөн дүн хадгалагдаж эрсдэл хүлээхгүй байх боломжтой.. Тэгэхээр энэ хадгаламж нь харилцагчийн мөнгийг хамгаалаад зогсохгүй олон улсын зах зээлд оролцож ханшийн өсөлтөөс ашиг хүртэх боломжийг нээж өгсөн гибрид бүтээгдэхүүн болж байгаа юм. Одоогийн байдлаар энэ бүтээгдэхүүнийг хүмүүс гайгүй сайн ашиглаж сурч байна. Хэрэв та бүгд сонирхвол доорхи холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Холбоос: https://golomtbank.com/home/personal

 

img_5003


img_5008


АВТО ЗЭЭЛ