img_4848
Менежмент

АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ЗАРДАЛ

Алдагдсан боломж (Opportunity cost), Хүчин чадал ашиглалт (Capacity utilization), Бүтээмж (Productivity) зэрэг ойлголтууд менежерүүдэд маш чухал.

Манай компаниуд ихэвчлэн сайн мэргэжилтнээ менежерээр томилчихдог. Менежер буюу удирдагч байх нь сайн мэргэжилтэн байхаас ялгаатай.

Би өнөөдөр гол ялгааг нь энд бичих гэсэн юм.

Улаанбаатар хотод байгаа автомашинууд ажлын нэг өдөр явах эрхгүйг та бид мэднэ. Улаанбаатарт явж байгаа нийт машины үнэлгээг 4,4 их наяд төгрөг гэж үзвэл (ГЕГ, ЗЦГ-н статистик, Голомтбанкны тооцоолол, USDMNT=2500), нийтдээ 880 тэрбум төгрөгтэй тэнцэх сул зогсолт үүсч байна. Өөрөөр хэлбэл бид ХҮЧИН ЧАДЛАА 20 хувиар дутуу ашиглаж (ажлын 5 өдрийн 1-т нь сул зогсоно) , АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ЗАРДАЛД 880 тэрбум төгрөг хэзээ ч эргүүлж олж авч чадахгүйгээр төлчихжээ. 

Анхнаасаа Улаанбаатар хотын тээврийн асуудлыг хотжилт, хүн амын өсөлт, байгаль цаг уурын ширүүн нөхцөл, эдийн засгийн өсөлт, замын багтаамж зэрэгтэй нь уялдуулж бодлогын түвшинд төлөвлөх ёстой байсан. Чадаагүй учраас өнөөдөр бид машинуудыг нэг өдөр сул зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч, ийм их алдагдал хүлээж байна.

Менежмент бол тоглоом биш. Менежер хүн хүчин чадал ашиглалтыг дээд төвшинд хүргэхийн тулд анхнаас нь зөв төлөвлөх ёстой. Дараагийн жишээг авъя:

Яармагт тусдаа урсгалтай, 3-3 эгнээ бүхий “хурдны зам” ашиглалтанд оруулсан. Ард олны талархлыг ихээр хүлээж байгаа. Гэхдээ энэ замд менежментийн сэтгэлгээ дутагдсан нь хэн ч харахад илт. Нэг дутагдал бий. Тэр бол маш олон явган хүний гарц юм. Энэ олон гарц нь энэ замыг хурдны зам биш хурдны там болгож байгааг бид харсан. Дэлхийн аль ч улсад олон улсын нисэх буудлаас хотын төв хүртлэх хурдны замаа явган хүний гарцтай огтлолцуулдаггүй.

Гадны зочдын ая тух, яарсан хүмүүсийн цаг завыг бодохгүй гэхэд замын БҮТЭЭМЖИЙГ энд огт бодолцоогүй байдаг. Энэ зам нийтдээ 9 явган хүний гарцтай. Ихэнхдээ гарцууд нь хүнгүй зэлүүд байх боловч машинуудыг улаан гэрэл асааж зогсоодог. Бүтээмжийн асуудал л гарч ирээд байгаа юм. Баруунд үүнийг их амархан шийдсэн байдаг. Явган зорчигч өөрөө гарцан дээр ирмэгц товчлуур дарж гэрлэн дохиогоо захиалдаг. Хэрэв явган зорчигч байхгүй бол машинууд ногоон гэрлээрээ саадгүй нэвтрэнэ.

Тэгэхээр менежер хүн зам ч бай, хүн ч бай, тоног төхөөрөмж ч бай, мөнгө ч бай бүтээмжийг нь хамгийн дээд төвшинд аваачих бодлогыг гаргаж, зоригтой арга хэмжээ авдаг байх ёстой.

Бид ерөнхий тандалт судлагаа хийж үзэхэд сүүлийн 5 жилд Монголчууд хүнд, хөнгөн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор олон зуун тэрбум төгрөгний тоног төхөөрөмж гаднаас оруулж иржээ. Гэтэл харамсалтай нь одоо энэ үйлдвэрүүдийн дундаж хүчин чадал ашиглалт ердөө 30-40 хувьтай л байна. Жишээ нь 100 сая төгрөгний үнэтэй тоног төхөөрөмж аваад хүчин чадлын 30 хувийг нь л ашиглаж байгаа бол 70 сая төгрөгийг салхинд хийсгэлээ гэж тооцож болно.

Өнөөдөр Монгол улс гурил, цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлаар дотоодын хэрэгцээнээс давж гарах төвшинд хүрч байна. Хэрэв илүүдлээ экспортлож чадахгүй бол энэ нь эргээд л алдагдсан боломжийн зардал, салхинд хийссэн мөнгө л болж хувирна.

Бүтээмж муутай, алдагдсан боломжийн зардал туйлын ихтэй сектороор мал аж ахуйг нэрлэж болно. Бид одоо хүртэл энэ сектороо яаж экспортын орлогын эх үүсвэр, гадаадаас доллар оруулж ирдэг найдвартай бааз болгож чадах вэ гэдгээ хүртэл хариулж чадахгүй л сууна. Монголын бэлчээрийн талбай дээр 70 сая юм уу, 30 сая юм уу, яг хэдэн мал байвал тогтвортой (sustainable) байж чадах вэ гэдгээ ч мэдэхгүй л байна. Нэг мэдэхэд бэлчээр ч үгүй, мал ч үгүй, яг л Улаанбаатарын машины гунигт түүх шиг болчихсон байх вий дээ. Энэ бол бүхэлдээ муу менежментийг, муу менежерүүдийг л илтгэж байгаа юм.

Менежер хүн ажилдаа хайнга хандах, дутуу харах, өөрийн үүргээ ухамсарлаагүй бол компанид (төр бол улс оронд) олон зуун сая төгрөгний хохирол учирдаг. Алдагдсан боломж, хүчин чадлын дутуу ашиглалт, бүтээмж алдалт зэргийн аль нь байхаас үл хамаараад энэ нь компанийн баланс дээр бууж ирнэ.

Менежер хүн бол сайн ажилтан биш. Менежер хүн бол менежментийг хэрэгжүүлдэг этгээд юм. Менежер хүн ямар хөдөлгөөн хийснээс ажилтнууд, харилцагчид, компанийн хувь заяа хамаарна. 

Бүтээмж, Алдагдсан боломж, Хүчин чадлын ашиглалт гэсэн 3 ойлголт менежер хүний ухамсарт гүн бат сууж, энэ гурвыг гаргаж буй шийдвэр бүртээ шингээж үзэж байх учиртай.

 


New Call-to-action