This is my first stock photo. I chose this one because it did not require any expensive props. Feel free to use this image, just link to www.SeniorLiving.Org
Бизнес, Менежмент, Стратеги

ХЭДЖИНГ: ХАНШИЙН ЭРСДЛЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ.

10 гаруй жилийн өмнө Европийн холбооны хөнгөлөлттэй еврогийн зээл Монголд орж ирсэн юм. Төгрөгийн зээлийн хүү жилийн 20 гаруй хувьтай байхад уг зээл 8 хувьтай байв. Мэдээж хүмүүс бага хүүтэй зээл авахыг хүссэн. Харин зээл авсан хүмүүс дараа нь том алдагдалд орсон юм.

Учир нь USDMNT (1 USD хэдэн төгрөгтэй тэнцэж байгааг харуулна), EURUSD (1 евро хэдэн доллартай тэнцэж байгааг харуулна) ханшууд хоёулаа өсч зээлийн хүү нь үндсэндээ жилийн 32 хувь болсон хэрэг.

Тухайн үед USDMNT ойролцоогоор 17 орчим хувиар, харин EURUSD 7 орчим хувиар өссөн. Ийм учраас EURMNT нийтдээ 24 хувиар өссөн хэрэг. Зээлээ еврогоор буцааж төлөх ёстой байсан учир зээлдэгчид ийнхүү алдагдалд орсон юм.

Ханшийн алдагдал бидний хувьд шинэ зүйл биш. Бид бизнестээ ханшийн алдагдлыг сайтар тооцоолж, бэлтгэлтэй байх нь чухал.

Жишээлбэл 2009 оны хямралаар манай олон компаниуд хохирсон. Тэдний нэг нь Эрдэнэт үйлдвэр. Учир нь олон улсын зах зээл дээрх 1 тон зэсийн үнэ 8,800 доллараас огцом унаж 2,700 доллар хүрсэн.

  img_4637

Нийтэд ил байгаа мэдээлэл дээр үндэслэн тооцоо хийж үзэхэд Эрдэнэт 2008 онд 1 тон зэсээ дунджаар 6,059 доллараар зарж байсан бол 2009 онд 4,525 доллараар зарсан байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн борлуулалтын орлого -25% буурсан гэсэн үг.

2007-2008 онд нефтийн ханш 100 доллар давахад бид ямар төвөгтэй байдалд орж байлаа? Бүүр нефтийн ханш хамгийн өндөр төвшин дээрээ байхад нь нөөц бүрдүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн шүү дээ.

Тэгвэл 2012-2013 оноос хойш бид нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ханшийн уналтыг мэдэрч, эдийн засгийн хүндрэлд ороод байгааг бид бүгд мэднэ.

Энэ гайхал валютын, зэсийн, алтны, нүүрсний, төмрийн хүдрийн ханшийн уналт, нефтийн ханшийн өсөлтөөс хамгаалах арга чарга байна уу.

Аливаа компани, улс орон өөрийгөө ханшийн эрсдлээс байнга хамгаалдаг. Менежментийн энэ аргачлалыг ХЭДЖИНГ гэж нэрлэдэг.

Хэджинг хийхдээ олон улсын санхүүгийн зах зээлд түгээмэл ашиглагддаг ФОРВАРД болон ОПШИН хэмээх үндсэн хоёр хэрэгслийг түгээмэл ашиглана. Энэ хоёрыг мөн бусад эгч дүүсийнх нь хамтаар нийтэд нь ДЕРИВАТИВ гэж нэрлэдэгийг зарим уншигчид маань санаж байгаа байх.

2008 онд олон улсын эдийн засгийн хямрал эхлэхэд, бид зэсийн ханшинд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлалтай байгааг ойлгож Эрдэнэтийг хамгаалах хэджинг аргачлал боловсруулсан юм. Тухайн үед Эрдэнэтийн 1 жилийн борлуулалтыг хамгаалах хэджинг хийхэд 10 сая долларын зардал гарахаар байв. Өөрөөр хэлбэл 10 сая долларын зардал гаргаж, ханшийн эрсдлээс хамгаалах хэджинг хийсэн бол 200 орчим сая доллараа алдахгүй байв.

ФОРВАРД

Форвард нь ирээдүйд хийгдэх арилжааны үнийг өнөөдөр тохиролцох хэлцэл юм. Жишээлбэл Монголын алт олборлогчын өртөг 1 унцид 700 доллар байна гэж бодъё. Тэгвэл олон улсын зах дээрх алтны ханш 1200 унц/$ байгаа нөхцөлд алт олборлогчид хангалттай ашигтай байна. Гэтэл өнөөдөр банкнаас зээл аваад, алтаа олборлоод 3 сарын дараа ирэхэд ханш энэ төвшин дээрээ байх уу. Хэрэв 3 сарын дараа алтны ханш унаж 650 доллар болвол яах вэ? (алт шиг савладаг металын хувьд боломжгүй зүйл биш)

Энэ тохиолдолд алт олборлогч өнөөдөр форвард хэлцэл хийж 3 сарын дараа бэлэн болох алтаа 1200 доллараар зарах арилжаа хийж болно. Одоо ханшинд санаа зовох шаардлагагүй, алтаа сайн олборлоход л болно.

ОПШИН

Дээрх алт олборлогчын хувьд хэрэв алтны ханш цаашид 1500 доллар хүртэл өсч магадгүй гэсэн хүлээлт байвал яах вэ. Хэрэв 3 сарын дараа алтны ханш 1500 доллар болсон бол, форвард хэлцэл хийсэн алт олборлогч алтаа 1200 доллараар зарахаас өөр аргагүй болно. Учир нь форвард хэлцэл хийсэн л бол заавал биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр форвард нь нэг талдаа ханшийн уналтаас маш сайн хамгаалах хэрэгсэл боловч, ханш өсөх үед харамсалтай нөхцөл байдал үүсгэдэг.

Энэ тохиолдолд алт олборлогч маань Опшин арилжааг ашиглана.

Опшин хэлцэл хийснээр алт олборлогч алтаа 1200 доллар дээр зарах эрхтэй болно. Харин форвард шиг үүрэг хүлээхгүй.

Тэгэхээр хэрэв алтны ханш 3 сарын дараа 900 доллар хүртэл унасан байвал опшин хэлцлийн дагуу алтаа 1200 дээр зарна. Харин хэрэв алтны ханш 1500 доллар болж өссөн байвал алт олборлогч опшин эрхээсээ татгалзаж алтаа 1500 дээр зарах боломжтой болно.

Форвард, Опшин болон бусад ахисан шатны дериватив хэрэгслүүдийг ашиглан компаниуд, улс орнууд өөрсдийгөө ханшийн эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой.

Жишээ нь хэрэв нефтийн үнэ өсөх эрсдэлтэй байгаа бол манай МИАТ онгоцны түлшний үнийн өсөлтөөс хамгаалах хэджинг хийх хэрэгтэй. Эсвэл нефтийн үнэ одоогийнх шигээ түүхэн доод төвшиндээ байгаа энэ ашигтай үед нь түгжээд авах хэрэгтэй.

Та бүгд хэджингийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл илүү нарийн бичиж болно.