Gold-bullion-vault
Эдийн засаг ба Санхүү

Алтны фундаментал анализ 2016

Алт бол тун өвөрмөц санхүүгийн хэрэгсэл юм. Нэг талаасаа Таваар, нөгөө талаас Валютын шинж чанарыг нэг зэрэг өөртөө агуулдаг өөр ийм хэрэгсэл байхгүй.

Таваар учраас гоёл чимэглэл, үйлдвэрлэлд ашиглагдаж, биет гулдмайн эрэлт үүсч байдаг бол. Валют гэдэг утгаар нь Төв банкууд нөөцлөж, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авч байдаг.

2006 оноос хойш Алтны ханш 2 дахин өссөн байхад, бусад Таваарын ханш (S&P GS таваарын индексээр жишиж үзэхэд) 50 орчим хувиар унажээ. Харин сүүлийн 5 жилд таваарын зах зээл бүхэлдээ уналттай байгааг та бид мэднэ. Газрын тос -67%, Зэс -48%, Мөнгө -59% тус тус унаад байхад Алтны ханш ердөө -14% уналттай байна.

Биет Эрэлт, Нийлүүлэлт

Алтны ханшинд нэг талаас биет эрэлт нийлүүлэлт, нөгөө талаас санхүүгийн зах зээл дээрх биет бус эрэлт нийлүүлэлт нөлөөлж байдаг.

Биет алт нь Лондонгийн Алтны Захын Холбооны стандартын дагуу 99.9 хувь хүртэл цэвэршүүлсэн алтан гулдмай хэлбэртэй байх ба цаашлаад гоёл чимэглэл, дурсгал, хадгалалт, технологид ашиглагддаг. Монгол улсад олборлож буй алтны шороон ордуудаас гарч буй гулдмайн дундаж сорьж нь 87 орчим хувьтай байдаг. Үлдэх хувийн ихэнх хэсгийг мөнгө эзэлнэ.

Монгол улсад эргэлдэж байгаа нийт валют-төгрөгийн ихэнх хэсэг нь банкны дансанд байдаг. Өөрөөр хэлбэл биет бус хэлбэртэй. АТМ-с авч байж л биет мөнгө гарч ирдэг билээ.

Яг үүнтэй адил олон улсын зах дээр эргэлдэж байгаа алтны ихээхэн хэсэг нь биет бус хэлбэртэйгээр банкны дансанд байршдаг. Үүнийг дансны алт гэдэг. Дансны алтыг авч зарах дилерүүд болон хөрөнгө оруулагч нарын арилжаа нь алтны захын томоохон хэсгийг бүрэлдүүлдэг.

Биет алтны эрэлтийг гоёл чимэглэл, үнэт эдлэл, Төв банкууд худалдан авах, хөрөнгө оруулагч нар биет гулдмай худалдан авах зэрэг нь голлон бүрдүүлнэ.

Биет нийлүүлэлтийг алтны компаниудын олборлосон алт, Төв банкууд нөөцөөсөө зарах, дахин зах зээл дээр нийлүүлэгдэж буй метал эзлэнэ.

2014 оны 5 сард дэлхийн 20 төв банкны оролцсон 5 жилийн хугацаатай Алтны Худалдааны гэрээгээр Төв банкуудын жилд зарж болох алтны хэмжээг хязгаарлаж өгсөн бөгөөд бүгд санал нэгтэйгээр зах зээл дээр алт нийлүүлэх сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн.

Төв банкууд одоо нийтдээ 31,400 тон алт валютын нөөцдөө хадгалж буй бөгөөд энэ нь дэлхийн 8 жилийн нийт эрэлттэй тэнцэх юм.

 

 

Хөрөнгө оруулалтын эрэлт, нийлүүлэлт

Хүмүүс эрт үеэс эхлэн алтыг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж ирсэн. Өнөөдөр алт олон улсын санхүүгийн зах зээл дээр хамгийн идвэхтэй арилжаалагддаг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Ялангуяа 2000 оноос хойш биет бус алтны сангууд үүссэнээр хүн бүр алтанд хөрөнгө оруулах боломжтой болсон. Нэг талд нь иргэд алтны сангийн эрхийг худалдан авна. Харин алтны сан цаад талд нь биет алт авч нөөцлөж байдаг.  Ингэснээр иргэд биет алт авах, зарах төвөгтэй харилцаанаас бүр мөсөн ангижирсан гэж хэлж болно.

 

 

 

Алтны сангууд зөвхөн алтыг худалдан авч хөрөнгө оруулалт хийдэг бол Дилерүүд өдөр тутам алтны ханшны өөрчлөлтөөс ашиг олох зорилгоор их хэмжээгээр авч зарж байдаг. COMEX бирж дээрх алтны цэвэр позиц одоогийн байдлаар 500 тон хүртэл өссөн нь дилерүүд алтны ханшийн талаар эерэг хүлээлттэй байгааг харуулж байна.

2016 оны хандлага

Алтны ханшинд олон хүчин зүйл нөлөө үзүүлж байгаагийн нэг чухал нь Америкийн Төв банк хүүгээ өсгөх эсэх тухай асуудал юм.

Төв банк, энэ онд одоо 0.25% дээр байгаа хүүгээ өсгөх магадлал нь ойролцоогоор 50% байгаа юм. Хэрэв Төв банк хүүгээ өсгөж эхэлбэл энэ нь эдийн засаг сайжирч байна гэсэн дохио болно. Өөрөөр хэлбэл алтны ханшинд сөргөөр нөлөөлнө. Мөн ямар нэг хүү, өгөөж өгдөггүй алтанд хөрөнгө оруулснаас бонд, хувьцаанд хөрөнгөө оруулах нь илүү ашигтай болж ирнэ.

Хэдийгээр алтны ханш харьцангуй сайн байгаа боловч бусад таваарын ханш түүхэн доод төвшиндээ ойрхон байгааг анхаарах нь зүйтэй. Хэрэв 2016 онд таваарын ханш эргээд өсч эхэлбэл алтны ханшинд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн байдал, мөн томоохон дилерүүдийн таамаглалыг нэгтгэж дүгнэвэл 2016 оны эцэс гэхэд 1 унц алтны ханш 1150 – 1400 долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна. 1 трой унц нь 31,1034768 грамтай тэнцдэг.

Жич: 2016 оны эцэст алтны ханшийг Goldman Sachs 1180 доллар/унц гэж таамаглаж байна.

 

Мэдээллийн Эх Сурвалж: World Gold Council Statistics, Bloomberg LP, GolomtBank