ganzo - business
Менежмент, Стратеги, Эдийн засаг ба Санхүү

Гүйцэтгэх Захирлын эхний 30 хоног

Хэрэв та шинэхэн гүйцэтгэх захирал бол, эсвэл гүйцэтгэх захирал болохоор зэхэж, өөрийгээ бэлтгэж байгаа бол анхаарлаа хандуулаарай.

Юуны өмнө гүйцэтгэх захирлын ажил гэдэг бол аль нэг функц, хэлтсийг удирдахаас тэс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өмнө илүү олон хэмжээстэй сорилт тулгарах болно.

Шинэ гүйцэтгэх захирлын эхний 30 хоногт гаргасан шийдвэр, хийсэн хөдөлгөөн нь компанийн ирэх 3 жилийн өнгийг тодорхойлох болно. Ингээд шинэхэн захирлын эхний 30 хоногийн талаар өөрийн бодлуудыг бичье.

Том Зураг Харуулах

Ажилтанууд, ТУЗ, эзэд, харилцагч нар шинэ захирлаас компанийн ирээдүйн тухай том зургийг хүлээнэ. Ирээдүйд компанийг хааш нь залах гэж байгаа, компани ямар зорилго, стратеги баримтлан ажиллах, шинэ бүтэц ямар байх, хүн бүрийн оролцоо юу байхав гээд олон зүйлс бий.

Хэрэв шинэ захирал компанийн ирэх 3, 5, 10 жилийн төсөөллөө хурдан танилцуулахгүй бол итгэл буурч, эргэлзээ үүсч эхэлнэ.

Том зураг маань ИРЭЭДҮЙ буюу компанийн Алсын харааг (Vision-Вижн) тодорхойлохоос эхлэнэ. Бид 10, 20 жилийн дараа хаана байхыг хүсч байна вэ, хаана байж болох вэ. Үүнийг өөрийн сэтгэлдээ өнгөтөөр дүрсэлж харах ёстой.

Хүн өөрийн харсан зүйлийг л бусдад ярьж, итгүүлж чадна гэдгийг санах хэрэгтэй. Гүйцэтгэх захирал Вижнээ хараагүй бол ажилтнуудаа хойноосоо дагуулах талаар санахын ч хэрэггүй. Тэгэхээр Гүйцэтгэх захирлын хамгийн эхний ажил бол сэтгэлдээ Вижнийг харах явдал юм.

Үүний дараа дунд ба богино хугацаанд биелүүлсэн байх зорилгуудыг (what?) тодорхойлж, харгалзах стратегиудыг (how?) мөн томъёолно.

Гүйцэтгэх захирал том зургийг эхнээсээ л харж, хүмүүстээ ойлгуулж чадвал цаашид компанийг удирдахад асуудалгүй болно. Харин тодорхой хугацаа өнгөрөөд байхад ч сэтгэлдээ ямар нэг төсөөлөл бий болгож чадахгүй байгаа бол, эртхэн ажлаа өгсөн нь дээр.

Багаа Бүрдүүлэх

Хэрэв таны ирээдүйд хэрэгжүүлэх гэж буй стратеги, төлөвлөгөөнд ур чадвар, хүсэл зоригийн хувьд тохирохгүй хүмүүс топ менежментийн багт байвал эртхэн сольсон нь дээр. Ингэснээрээ маш их цаг хугацаа алдахаас зайлсхийж чадна.

Мэдээж энэ нь хэлэхэд амархан ч хийхэд тун хэцүү. Юуны өмнө шинэ захирал менежментийн багтаа өөрийн төлөвлөгөөг сайтар ойлгуулж, эхний туршилтын алхамуудыг хамтдаа хийх хэрэгтэй. Хүмүүст боломж олгох нь чухал. Гэхдээ боломжыг чинь хэр сайн ашиглаж, хамтарч ажиллаж чадах вэ гэдгийг маш хурдан үнэлж, шийдвэр гаргах хэцүү сорилт өмнө чинь тулгарах болно.

Хүлээлтийг Удирдах

Би нэг компанийн захирлаар томилогдож очоод, эхний өдрөөсөө л дотоод хов живийг дэмждэггүй гэдгээ сайтар ойлгуулсан юм. Энэ нь ажил явуулахад маш тустай зүйл болсон гэдгийг хожим нь анзаарсан.

Өөрийн менежментийн арга барилын талаарх хүлээлтийг хүмүүстээ зөв өгөх хэрэгтэй. Арга барилаа байн байн сольж өөрчилдөг, нялцганасан удирдагчтай байхыг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр өөрийнхөө талаарх хүлээлтийг, байгаа байдлаар нь дамжуулах нь чухал.

Өөр Дээрээ Гэп Анализ Хий (Gap Analysis)

Төрөлхийн гүйцэтгэх захирал гэж хаана ч байхгүй. Гүйцэтгэх захирал хийхэд тань ямар ур чадварууд дутаж байгаа вэ гэдгийг мэдэж, өөр дээрээ ажиллах нь чухал.

Энэ тал дээр мэргэжлийн гүйцэтгэх захирлын дасгалжуулагч (executive coach) хийдэг зөвлөхүүдтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Өөрийн сул талуудыг нөхөж, давуу талуудыг хөгжүүлэх ёстой.