Миний тухай

Ганзориг бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо Голомт банкны Гүйцэтгэх захирал, Мандал Даатгалын ТУЗ-н дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч, UMC группын ТУЗ-н дарга зэрэг ажил хийж байна. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Хөрөнгийн биржийн ТУЗ-н гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр давхар сонгогдож ажиллаж ирсэн. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг UMC групп, Мандал даатгал зэрэг байгууллагуудыг үүсгэн байгуулсан. Өмнө нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк зэрэг байгууллагуудад хариуцлагатай алба хашиж байсан.

БИЗНЕСМЭНД ЗОРИУЛСАН БЛОГ

Улс орныг авч явах том ачаа бизнесмэнүүд, компанийн захирлууд, шилдэг мэргэжилтнүүдэд оногддог. Гэтэл энэ хүмүүст зориулсан менежментийн, чанартай контент одоо болтол алга.

Миний хувьд анх 8 нэрийн дэлгүүр нээж эхэлснээс хойш 17 жил бизнесийн секторт ажиллахдаа, менежерүүд бие биендээ туршлагаа хуваалцах шиг чухал зүйл байхгүй гэдгийг ойлгосон юм.

Би өөрөө хэд хэдэн төрлийн бизнест орж байхад, мөн эргэн тойронд байгаа захирлуудаа анзаарч байхад ердөө л нэг ижил төрлийн алдааг л хаа сайгүй давтаад, шатаад, дампуураад байгаа харагддаг. Алдсан, шатсан, алдаа гаргасан мөнгөнийхөө дүнгээр бол манайхан бүгд барууны том сургуулиудын бизнесийн магистр зэрэг хамгаалчихсан. Заримдаа нэг менежер нэг л алдаагаа хаа сайгүй давтаад явдаг, өөрөө яагаад гэдгээ ойлгодоггүй зүйл ч таардаг.

Тэгэхээр бид бие биендээ туршлагаа хуваалцах ёстой юм байна. Эцсийн эцэст Монголын нэг захирлын, нэг компанийн шилдэг туршлагыг, нөгөөх нь шууд авч хэрэглэдэг, харин алдааг нь давтахгүй байг. Ингэж байж л бид олон улсын тавцанд гарч өрсөлдөх менежментийн арга технологи, бизнесийн ухааныг хөгжүүлнэ.

Энэ утгаараа би Голомт банк болон Мандал даатгал дээр бэлтгэгддэг зарим менежмент болон мэдээллийн контентуудыг энд үнэгүй байрлуулж байгаа юм. Их хөлс, үнэ, хүч шингэсэн эд шүү гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

Эхний ээлжинд доорх материалуудыг нээлттэй тавьж байна.

a.       Эдийн Засгийн 9 бүлэг 436 Тоо График

Мандал даатгалын аналистуудын бэлтгэдэг, сар тутам шинэчлэгдэх, макро эдийн засгийн үзүүлэлтүүд. Таньд 1 аналистийн орон тоо хэмнэнэ. Түүхэн тоон цувааны хамтаар. Та энэ мэдээллийг бизнес төлөвлөгөө зохиох, эдийн засгийн хандлагыг харах, презентаци бэлтгэхдээ ашиглаж болно. Имэйл хаягаа бүртгүүлснээр сар бүр хүлээн авна. Хэрэв тухайн эдийн засгийн үзүүлэлт таны бизнест яаж нөлөөлж болох тухай мэдэхийг хүсвэл Мандал даатгалын аналистуудтай холбогдож асууж болно.

b.      Долларын Анализ

Голомтбанкны дилерүүд 7 хоног тутам бэлтгэдэг валютын ханшийн тойм. Тухайн долоо хоногт валютын зах дээр болсон гол үйл явдлууд болон цаашдын чиг хандлагыг мэдэх боломжтой. Имэйл хаягаа бүртгүүлснээр 7 хоног бүр авна. Нарийн мэдээллийг Голомтбанкны дилерүүдээс тодруулж болно.

c.       Эрсдлийн Менежментийн Ном 

Эрсдэл бол бизнест маш чухал сэдэв. Бизнес хийж буй хүнд эрсдэлийн удирдлага хамгийн чухал. Эрсдлийг үүн шиг товч, ойлгомжтой бичсэн ном үгүй.

d.      Борлуулалтын Менежментийн Ном 

Борлуулалт хийдэггүй бизнес гэж дэлхийд байхгүй. Харамсалтай нь Харвардад борлуулалтын хичээл ордоггүй. Манай борлуулалтын ажилтнуудын гарын авлагыг та бүгдэд бэлэг болгон барьж байна. Дэлхийн бестселлэр номноос сэдэвчилж, монголчилон боловсруулсан. Борлуулалт, маркетингийн хүмүүстээ өгч уншуулах, үүнээс сэдэвчилж борлуулалтын журам, заавар боловсруулах тэргүүтнээр ашиглах боломжтой.